Гиперкератозын хамт дерматозын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ: хайрст үлд, хязгаарлагдмал болон тархмал нейродермит, улаан чонон яр, экзема, усгүйжсэн дерматит, арьс эвэрших, эвэршил төст өөрчлөлт зэрэгт хэрэглэнэ.
Гадуур хэрэглэнэ.
Акридерм СК бэлдмэлийг өдөрт 2 удаа өглөө, орой өртсөн газарт нимгэн давхарга үүсгэн түрхэнэ.
Өвчний хүнд, хөнгөнөөс хамааран эмч хэрэглээний давтамжийг тохируулна. Хөнгөн тохиолдолд тосон түрхлэгийг өдөрт нэг удаа хэрэглэхэд хангалттай ба харин хүнд үед илүү олон удаа хэрэглэх шаардлага гарч болно.
Глюкокортикостероидын хэсэг газрын хэрэглээнд: халуун оргих, цочрох, арьс хуурайших, фолликулит, гипертрихоз, батга төст тууралт, гипопигментаци, ам орчмын дерматит, харшлын хавьтлын дерматит. Удаан хугацааны хэрэглээнд, боолтонд ашиглахад арьс зулгарах, хоёрдогч халдвар, арьсны тэжээлгүйтэл, толбоших, пурпур үүсч болно. Биеийн гадаргууд өргөн хүрээгээр ялангуяа хүүхдэд хэрэглэхэд глюкокортикостероид, салицилатын системийн гаж нөлөө илэрнэ.
Зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдээлнэ.
Хэрэв эмийн хэрэглээтэй холбоотой арьс үрэвсэх, хэт мэдрэгшлийн шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.
Удаан хугацаанд биеийн их хэмжээний гадаргууд эсвэл боолтонд хэрэглэх ялангуяа хүүхдэд глюкокортикостероидын системийн шингээлт үүснэ.
Бетаметазонтой холбоотой системийн гаж нөлөө илэрч болох тул 1 настай хүүхдэд хатуу заалтанд, эмчийн шууд хяналтан дор хэрэглэнэ. Бэлдмэлийг их хэмжээний гадаргууд эсвэл боолтонд хэрэглэснээр гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн системийн үйл ажиллагаа дарангуйлагдан гиперкортицизмын шинж тэмдэг үүсэх, гавлын дотоод даралт нэмэгдэх, өсөлтийн дааврын ялгаралт буурах шинж үүсч болно.
Нүүрний арьс, биеийн бусад хэсэгт глюкокортикостероид удаан хугацааны эмчилгээний дараа тэжээлгүйдлийн өөрчлөлт үүснэ; иймд ээлж эмчилгээ 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Акридерм СК тосон түрхлэгийг нүдэнд хэрэглэхгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.
Урт хугацааны эмчилгээнд аажим бууруулж хэрэглэнэ.