ХАТИГ, MRSA, Арьсны идээт үрэвслийн үед өгөх зөвлөмж

Сүүлийн жилүүдэд MRSA буюу антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн хатиг, буглааны тохиолдлын тоо олширч байгаа гэсэн судалгаа байна. Ер нь антибиотикт тэсвэртэй нян ямар тохиолдолд үүсдэг вэ?

Өргөн хүрээний антибиотик буюу пенциллин, цефалоспорин, левомицетин гэх антибиотикуудад нөлөөлдөггүй, гэхдээ энэ нянд үйлчилдэг цөөн тооны бүлгийн антибиотикууд байдаг. Антибиотикт тэсвэртэй нян үүсч байгаа нь антибиотикийг дутуу, буруу, замбараагүй, эмчийн заавраар хэрэглээгүйтэй холбоотой.

Сүүлийн үед хатиг гэж андуурагдах МRSA-аар хүүхэд болон том хүн ихээр өвчилж байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

MRSA гэдэг нь орчуулбал Метицеллинд тэсвэртэй алтлаг стафилококк гэсэн англи үгийн товчлол юм. МRSA үүсгэгч нян хүний арьс, хамарт хэвийн бактерийн хамт байдаг боловч  гэмтсэн арьсаар биед нэвтэрч арьс, зөөлөн эдийн хатиг буглаа, цэврүү үүсгэж өвчлүүлдэг халдварт өвчин юм.

Арьсан дээр улаан жижиг товруу гарч эхлэх бөгөөд их загатнадаг учир маажсанаар томорч, үрэвсэж толгойтой болон толгойгүй хатиг үүсгэдэг. МRSA-аар үүсгэгдсэн хатиг маш удаан эдгэрч, эмчлэгддэг учраас шинж тэмдэг бүдгэрэх төдийд эмчилгээгээ зогсоовол “дахих” тохиолдол гардаг. Энэ үед хувийн ариун цэврээ сайн сахисан тохиолдолд МRSA ч бай, хатиг ч бай бүгд бүрэн эмчлэгдэх боломжтой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

МRSA нь мэс заслын шарх, арьс салстаар дамждаг ба эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг байна. 

MRSA-ээр үүсгэгдсэн хатиг, буглаа нь аюултайгаас гадна халдвартай учир шууд хүрэлцэх замаар гараар, хатуу гадаргуугаар (гар утас, компьютерын гар, ширээ, хаалганы бариул) гэх мэт өдөр тутам хэрэглэдэг зүйлсээр дамжих эсвэл цагаан хэрэглэл, алчуур, хувцас гэх мэт зүйлийг дамжуулан хэрэглэснээс халдварладаг.

MRSA –гийн үндсэн шинж тэмдэг нь хатиг буглаатай ижил идээтэй учир заавал эмчид үзүүлж, оношлуулж, эмчийн заавар зөвлөмжийн дагуу эмчилгээг хийх нь чухал байдаг.

Хүүхдүүд голчлон өвдөж байгаа шалтгаан нь:

Хүүхдийн арьст салст маш эмзэг, дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой хүүхдүүд сүүлийн үед MRSA –гаар өвчлөн даамжирснаар буглаат хагалгаа хийлгэж байна. Энэ нь хавар намрын улиралд дархлаа суларсантай холбоотой.

Эмнэлэгт байнга хэвтдэг, чихрийн шижинтэй, дархлаа сул хүмүүс том хүн болон хүүхэд MRSA тусах эрсдэл их байдаг.

ЗӨВЛӨГӨӨ:

  • Зөвхөн эмчийн заалтаар антибиотикийг хэрэглэхийг онцгой анхаарах
  • Насанд хүрэгсэд болон хүүхдүүд дархлаагаа сэргээж, амин дэмээр баялаг хоол хүнс идэх
  • Арьс салстыг нь гэмтээхгүй байх
  • MRSA, хатиг буглаагаар өвчилсөн хүнтэй бол тусгаарлах
  • MRSA, хатиг буглаа гарсан хэсгийг гараараа шахаж оролдохгүй байх
  • Гар хумсны ариун цэврийг байнга сахих
  • Орны цагаан хэрэглэлийг угааж ариутгах
  • Дотуур хувцсаа байнга сольж индүүдсэн хувцас өмсөх
  • Тамирчид болон бүжгийн сургуулилт хийж хөлс их гаргадаг хүмүүс бэлтгэлийн дараа биеийг сайтар савандаж усанд орох.
  • MRSA, хатгины халдвар авсан хүмүүс шархыг ил байлгахгүй байх, цэвэрлэсний дараа байнга битүү дарж боох, шархны лент наах нь бусдад халдвар тархах эрсдэлийг багасгана.
  • Байнга хүрдэг гар утас, компьютерын гар, ширээ, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргуутай зүйлсийг спиртэн суурьтай ДЕЗИНОЛ-оор арчиж халдваргүйжүүлэх.
  • Чихрийн шижинтэй хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалтай байдаг учир халдвар дамжих эрсдэл өндөр тул онцгой анхаарч арьс салстыг гэмтээхгүй байх, (шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмчид үзүүлэх)

Шархыг цэвэрлэж халдваргүйжүүлэх үедээ:

  • 1 удаагийн нимгэн бээлий өмсөх
  • ХЛОРГЕКСИДИНИЙ 2%-ийн усан уусмалаар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Шархийг цэвэрлэсэн хүн гараа угаасны дараа 70%-ийн спиртэн уусмал ДЕЗИНОЛ-оор гараа ариутгах нь халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.