Хиймэл шүдний арчилгаа

ХИЙМЭЛ ШҮДНИЙ АРЧИЛГААНЫ 10 ДҮРЭМ
2024 оны тавдугаар сарын 6 аар

Хиймэл шүдийг ч гэсэн өөрийн шүд шиг арчилж цэвэрлэх ёстой байдаг ба энэ нь эдэлгээг уртасгахаас гадна таны эрүүл мэндэд нэн чухал нөлөөтэй байдаг. Юм идсэнийхээ дараа шүдээ угаадагтай адил хиймэл шүдийг ч бас угааж байх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна:

  1. Хиймэл шүдэндээ дасахад дунджаар 2 сарын хугацаа орно: эхэн үед танд ярих, идэх үед эвгүй мэдрэмж төрж болно. Түүнчлэн ам хатах, амт мэдрэх нь ч өөрчлөгдөж болно. Та бүү санаа зов, энэ нь хэвийн үзэгдэл юм.
  2. Хиймэл шүд зүүснээс болж зарим нэг үсгийг дуудахад хүнд байж болно. Танд чангаар ном, сонин унших болон дуулах аргуудыг зөвлөж байна. Ингэснээр та илүү хурдан хиймэл шүдэндээ дасаж таны яриа тод, тодорхой болно.
  3. Хоол идэх үедээ хиймэл шүдээрээ сайтар зажлахыг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс дадсан заншлаараа өөрийн шүдээрээ л зажлах гээд байдаг. Энэ нь эрүү нүүрний гажгийг үүсгэж болзошгүй тул та хиймэл болон өөрийн бүх шүдийг жигд зөв ашиглахыг хичээгээрэй.
  4. Гэсэн ч хиймэл шүд зүүсэн эхний долоо хоногт та аль болох зөөлөн зүйл хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Тэр тусмаа алим, самар, ааруул гэх мэт хатуу зүйлсээс түрдээ татгалзаарай.
  5. Эхний долоо хоногтоо хиймэл шүдтэйгээ унтахыг зарим эмч нар зөвлөдөг. Танд хэцүү байвал та зөвхөн өдөр нь л зүүж болох боловч хурдан дасахын тулд та хиймэл шүдээ тогтмол  зүүхийг хичээгээрэй.
  6. Хиймэл шүдийг хийсэн материалаас шалтгаалж хуурай орчинд хадгалах эсвэл зориулалтын савтай усанд хадгалах. Тиймээс та эмчээсээ хэрхэн хадгалах ёстойг сайтар лавлаж асуугаарай. Долоо хоногтоо 1-2 удаа халдваргүйжүүлэх уусмал бэлтгэн 15 минут дэвтээж болно. Хэрэв хиймэл шүд нь дээр өнгөр тогтсон, чулуу үүсэн бол шүдний эмчид хандан мэргэжлийн өнгөлгөө хийлгэж болдог.
  7. Хиймэл шүдийг энгийн шүдний сойзоор угаадаггүй: энгийн шүдний сойзоор хиймэл шүдийг үрвэл гадаргуу нь зурагдаж үүссэн барзгар гадаргууд хоолны үлдэгдэл наалдаж дагтаршсанаар удалгүй өнгө нь өөрчлөгддөг. Мөн чулуужилт үүсэх ба энэ нь амны эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй. Хиймэл шүдний зориулалтын сойз ашиглаж дадах нь хиймэл шүдний эдэлгээг уртасгадаг.
  8. Хиймэл шүдийг энгийн шүдний оогоор угаадаггүй: энгийн шүдний оогоор хиймэл шүдийг угаагаад байвал хиймэл шүд сийрэгжих, гэмтэх, өнгөө өөрчлөх, чулуужих, уян хатан чанараа алдах зэрэг олон өөрчлөлтөд ордог. Тиймээс хиймэл шүдийг зориулалтын оогоор угааж эдэлгээг нь уртасгах нь зүйтэй.
  9. Хиймэл шүдийг буцалсан усанд дэвтээж ариутгаж болохгүй: хэт өндөр хэмд хиймэл шүд хэлбэрээ өөрчилж болно. Ингэснээр таны аманд эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хагарах, хугарах эрсдэл нэмэгдэнэ.
  10. Нэн ялангуяа тамхи татдаг, кофе их хэрэглэдэг хүмүүс хиймэл шүдээ тогтмол зааврын дагуу сайтар цэвэрлэх ёстой.


байрлал Зөвлөгөө